Монгол Улсын Засгийн газар, ССАЖЗЯ-наас хэрэгжүүлж буй “Go Mongolia” Үндэсний брэндийн хүрээнд “Дэрэн” клубын U10 болон U13 насны ангиллын багууд Европ тивд энэ сард болох нэгэн нэр хүндтэй арга хэмжээнд оролцохоор зэхэж байна.
Тухайлбал, 4 дүгээр сарын 10-16-ны өдрүүдэд дээрх багийн тамирчид Германд байрлах “Gert Engels” академитай хамтран бэлтгэл сургуулилт хийж, Европын мэргэжлийн орчинд туршлага хуримтлуулах ач холбогдолтой юм байна. Энэхүү академи нь дэлхийн олон оронд тоглогч, дасгалжуулагч бэлтгэдэг юм.
Улмаар баг тамирчид энэ сарын 19-22-ны өдрүүдэд Португалын Лисбон хотод болох “IBERCUP 2025” олон улсын тэмцээнд оролцоно. Энэхүү тэмцээн нь Европын болон дэлхийн шилдэг академийн багууд өрсөлддөг, өсвөрийн хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээний нэгт тооцогддог билээ.
Баг тамирчдыг үдэн гаргах арга хэмжээний үеэр "Дэрэн" клубын удирдлагууд “Энэ бол манай хүүхдүүдийн хувьд зөвхөн туршлага биш, мөрөөдлийн эхлэл. Дэлхийн түвшний багуудтай өрсөлдөж, өөрсдийгөө сорих боломж гарч байгаад бид баяртай байна. Эдгээр олон улсын хэмжээний томоохон тэмцээнд оролцох боломжийг олгож, тусалж ажилласан Биеийн тамир, спортын улсын хороо болон “Go Mongolia”-ын хамт олонд талархаж байна” гэлээ.
Эх сурвалж: БТСУХ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!