ПАРИС, 2025 оны зургаадугаар сарын 8 /BBC/. Америкийн теннисчин Коко Гауфф “Роланд Гаррос” буюу Францын нээлттэй тэмцээний шигшээ тоглолтод Беларусийн тамирчин Арина Соболенког гурван сетийн дараагаар 7-6, 6-2, 6-4-өөр хожлоо.
Хоёр теннисчний аль аль нь энэхүү шороон талбайн тэмцээнд анхны түрүүгээ авахаар өрсөлдсөн юм. К.Гауфф 2022 онд “Ролан Гаррос”-ын ганцаарчилсан төрлийн финалд шалгарч байсан бол А.Соболенко “French Open”-ы шигшээ тоглолтод анх удаа шалгарсан нь түүний хувьд бас нэгэн шинэ амжилт байлаа.
Сүүлийн 10 жилийн хугацаанд “Ролан Гаррос”-ын тэмцээнд АНУ-ын теннисчин анх удаа түрүүллээ. Америкийн эмэгтэй тамирчдаас хамгийн сүүлд энд Серена Уильямс 2015 онд түрүүлж байв.
Гэхдээ А.Соболенко одоогоор дэлхийн чансааг тэргүүлж байгаа бол К.Гауфф түүний ард хоёрдугаарт бичигдэж байна. Өнөөдөр болох эрэгтэйчүүдийн финалын тоглолтод ч мөн адил дэлхийн чансааны нэгд бичигдэж буй Италийн теннисчин Янник Синнер, дэлхийн чансааны хоёрт бичигдэж буй Испанийн теннисчин Карлос Алькарас нар өрсөлдөх юм.
Беларусийн теннисчин 2023, 2024 онд Австралийн нээлттэй тэмцээнд, 2024 онд АНУ-ын нээлттэй тэмцээнд түрүүлж, "Их дуулга"-д гурван удаа аваргалсан юм. Харин К.Гауффын хувьд Парист хожсоноор “Их дуулга”-ын хоёр дахь цомоо өргөлөө. Тэрбээр 2023 онд АНУ-ын нээлттэй тэмцээнд түрүүлсэн бөгөөд Соболенкаг мөн гурван сетэд хожиж байсан юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!