Монгол Улсын шигшээ баг тамирчид түүхэндээ анх удаа 1964 оны Токиогийн олимпын наадамд оролцсон. Энэ түүхэн үйл явдлаас 4 жилийн дараа буюу 1968 онд 20 тамирчин Мексикийн Мехико хотноо болсон зуны олимпын наадамд өрсөлдөж 1968 оны 10 дугаар сарын 20 -ний энэ өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат тамирчин Ч. Дамдиншарав чөлөөт бөхийн 52 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн түүхтэй.
Түүний үргэлжлэл Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ж.Мөнхбат мөнгөн медаль, Монгол Улсын Ардын багш, гавьяат тамирчин, Д. Сэрээтэр, Т.Артаг нар хүрэл медаль хүртэж 112 орон оролцсон тус олимпоос Монгол Улс 27 дугаар байрт орж байлаа.
Түүхэн амжилтын эхлэл болсон 10 дугаар сарын 20- ний өдрийг бид “Олимпын медальтнуудын өдөр” болгон тогтсон билээ.
Энэ өдөр ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар олимпын медальт тамирчид болон тэдгээрийн гэр бүл, ар гэрийн төлөөллийг “Олимпик хауст” хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улс хүн төрөлхтний их цэнгэл наадам Олимпын наадмаас өнөөдрийн байдлаар 2 алт, 12 мөнгө 17 хүрэл нийт 31 медаль хүртээд байгаа.
*Монгол хүн олимпын наадмаас медаль хүртсэн түүхт 57 жилийн* ойн баярын мэнд хүргэе!
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!