Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо ирэх онд түүхт 80 жилийн ойтойгоо золгоно. Энэ өдөр тус хорооны дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Г. Өсөхбаяр тэргүүтэй төлөөлөгчдийг Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар “Олимпик хаус”-т хүлээн авч уулзав.
Уулзалтад “Алдар” спорт хорооны орлогч дарга В. Гомбожав, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Паралимпын аварга У.Сүрэнжав, МУ-ын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, Олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа, Дугуйн спортын ОУХМ Т.Төгөлдөр нар хүрэлцэн ирэв.
“Алдар” спорт хороонд өвөл, зун, үндэсний спортын 18 төрлийн 200 гаруй тамирчид харъяалагдаж, спортын хөгжилд голлох үүрэг гүйцэтгэж байгаа спортын ууган хороодын нэг билээ.
Тус хороо нь спорт-олимпизмыг хөгжүүлэх, тив, дэлхий, олимпын наадамд амжилт гаргах тамирчдыг бэлтгэх, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний тэмцээн уралдаанд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, биеийн тамир, спортоор хичээллэх нөхцлийг бүрдүүлэх гол зорилготой байгууллага бөгөөд Монгол Улс Олимпын наадмаас 31 медаль хүртсэний 8 нь “Алдар” спорт хорооны тамирчид юм.
МҮОХ-ны 70 жилийн ой, “Алдар” спорт хорооны түүхт 80 жилийн ой ирэх онд тохионо. Тиймээс түүхт ойг угтаж олон талт ажлыг хамтран зохион байгуулахаар тохиролцлоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!