Дөрөвдүгээр сарын 9-14-нд Казахстаны Астана хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос энэхүү тэмцээнийг Парис-2024 олимпын наадмын урьдчилсан циклийн эхлэл гэж зарласан. Харин олимпын эрхийн талаар дурдсангүй, Белградад болох ДАШТ-д оролцох эрх өгнө гэж онцолсон. Өөрөөр хэлбэл Азийн аваргад оролцсон бөхчүүдийнхээ тоогоор ирэх намрын ДАШТ-д оролцоно гэсэн үг юм.
Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны (MSPU) гишүүд "Астана 2023" чөлөөт бөхийн Ази тивийн АШТ-ийг сурвалжлахаар өнөөдөр аян замдаа мордлоо. Багийн бүрэлдэхүүнд Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Нямбилэг, холбооны гишүүн Д.Байгал нарын хүмүүс явж байна. МССХ-ны гишүүд 2022 онд жүдо бөхийн ДАШТ-ийг Узбекистаны Ташкентад сурвалжлахдаа мөн энэхүү буянт төмөр хүлгээрээ довтолгож явсан билээ.
Д.Нямбилэг нь Токио зуны олимп, Бээжин-2022 өвлийн олимп, Жакарта-2018 Азийн наадам, Осло -2021, Белград-2022 чөлөөт бөхийн ДАШТ, Ташкент-2022 жүдо бөхийн ДАШТ-ийг сурвалжилсан. Д.Нямбилэгийн сурвалжилга, гэрэл зураг Зиндаа сайтаар спорт сонирхогчдын хүртээл болно.
Эх сурвалж: Zindaa.mn спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ