Тайландын олон улсын "Олон өдрийн уралдаан" энэ сарын 01-нд эхэлж 6 өдөр үргэлжилж нийлбэр дүнгээр 1 дүгээр байрт ОУХМ Б.Тэгшбаяр “Roojai” Тайландын мэргэжлийн баг, “Алдар” спорт хорооны тамирчин, 2 дугаар байрт ОУХМ С.Жамбалжамц “Terengganu” Малайзын мэргэжлийн баг, Улсын шигшээ багийн тамирчин нар шалгарч Монголын дугуйн спортын түүхэнд цоо шинэ хуудсыг нээн UCI 2.1 ангиллын тэмцээнд анх удаа Монголын 2 тамирчин дараалан шилдэг 2 байрыг эзэлсэн.
Харин ийнхүү амжилт нь ахисаар байгаа "Монголын дугуйн холбоо"-ны төлөөллүүд пүрэв гарагт БТСУХ-ны дарга О. Баттулгатай уулзаж дугуйн спортын цаашдын хөгжил, шигшээ багийн асуудлаар санал солилцлоо. Монгол улсын дугуйн шигшээ баг нь одоогоор 4 тамирчны бүрэлдэхүүнтэй бөгөөд шигшээ багийг өргөтгөсөнөөр дугуйн спортын хөгжилд их хувь нэмэр оруулна гэдгийг уулзалтын үеэр тодотгосон юм.
Тус уулзалтад Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, МДХ-ны Ерөнхийлөгч Н. Болдхүү, МДХ-ны Дэд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ерөнхий нарийн бичгийн дарга З.Наран нар оролцлоо.