Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ тавдугаар сарын 1-14-нд Узбекистаны нийслэл Ташкент хотноо болно.
Энэ жилийн ДАШТ-д өнөөдрийн байдлаар 104 орны 640 боксчин 13 жинд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн талаар Олон улсын сонирхогчдын боксын холбоо /IBA/-ноос мэдээллээ. Тус ДАШТ-д ОХУ, Беларусын тамирчид оролцож байгаа тул барууны зарим орон бойкот зарлаад байгаа. Тодруулбал, АНУ, Их Британи, Нидерланд, Ирланд, Чех,Польш, Швейцар, Швед, Канад, Украины шигшээ багууд энэ удаа оролцохгүй гэжээ. Тэмцээний мэдүүлгийг авах хугацааг 4 дүгээр сарын 14 хүртэл сунгажээ.
Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Ташкентэд 3 дугаар сарын 20-ноос хамтарсан бэлтгэл хийж байгаа бөгөөд тэндээсээ дэлхийн аваргын тэмцээндээ оролцон хүч, ур чадвараа сорих юм. Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад, ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, зөвлөх дасгалжуулагч Турсунпулатов Аброр /Узбекстан/, дасгалжуулагч Б. Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн нарын удирдлага дор 48 кг-д Г.Ган-Эрдэнэ, 51 кг-д Х.Энхмандах, 54 кг-д Д.Ганболд, 57 кг-д Х.Энх-Амар, 60 кг-д Т.Энхтөр, 63.5 кг-д Б.Чинзориг, 67 кг-д Б.Мишээлт, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ, 75 кг-д Ж.Отгонжаргал, +92 кг-д Х.Бекнур нар хүчээ сорин тулалдана.
Энэ удаагийн ДАШТ-ий шагналын сан маш өндөр буюу 5,2 сая ам.доллар. Дэлхийн аварга тамирчин 200 мянга, мөнгөн медальт тамирчин 100 мянга, хүрэл медальтан 50 мянган ам.долларын шагнал хүртэх юм байна.