
ПАРИС, 2026 оны тавдугаар сарын 7 /DW/. Сонгуулийн кампанит ажлын зардлыг хэтрүүлсэн хэргээр хоригдож буй Францын ерөнхийлөгч асан Никола Саркози хугацаанаас өмнө тэнсэн суллагджээ. Өдгөө 71 настай тэрбээр өндөр настай болсныг нь харгалзан үзэж, ялыг нь хөнгөрүүлж өгөхийг хүссэнийг шүүх зөвшөөрөн шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэр өнөөдрөөс хүчин төгөлдөр болно.
Саркози өөрийнх нь сонгуулийн кампанит ажлыг зохион байгуулж байсан Bygmalion гэдэг пиар агентлагтай холбоотой хэргээр ял эдэлж байсан юм. Түүний нам уг агентлагаас 18 сая гаруй евро авснаа зардлын тайланд тусгаагүй учраас Саркози хорих ялаар шийтгүүлжээ. Удалгүй ялын хугацааг хагас жил болгон өөрчилж, цахим бугуйвч зүүлгэх байдлаар зорчих эрхийг нь хязгаарлахаар шийдвэрлэсэн байна. RTL агентлагийн мэдээнд дурдсанаар, тэрбээр одоо цахим бугуйвч зүүхгүй ажээ.
Bygmalion-тай холбоотой хэргээс гадна өөр хоёр хэргээр тэрбээр ял эдэлж байсан юм. Тухайлбал, 2021 оны гуравдугаар сард давж заалдах шатны шүүхийн ажилтныг хахуульдсан хэрэгт гэм буруутай болохыг шүүх тогтоосон бөгөөд хоёр жилийн тэнсэн харгалзах оноосныг хожим нь цахим бугуйвч зүүлгэж, гэрийн хорионд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Мөн 2025 оны 9 дүгээр сард сонгуулийн кампанит ажлаа санхүүжүүлэхийн тулд Ливийн удирдагч асан М.Каддафигаас /2005-2007 он/ мөнгө авсан хэрэгт буруутгаж, 5 жилийн хорих ял оноосон байна. 2025 оны 10 дугаар сард тэрбээр шоронд 20 хоног хоригдоод суллагджээ. Одоо шүүх түүний давж заалдах гомдлыг хэлэлцэж байна.
Францын ерөнхийлөгчийн албан тушаалыг 2007-2012 онд хашиж байсан Н.Саркози бол хорих ялаар шийтгүүлсэн тус улсын анхны төрийн тэргүүн юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Адъяахүү
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!