МЕХИКО, 2026 оны тавдугаар сарын 8 /Reuters/. Колумбийн нэрт дуучин Шакира хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) албан ёсны сүлд дуу болох "Dai Dai" бүтээлээ пүрэв гарагт танилцуулжээ.
Өдгөө 49 настай поп од Бразилын алдарт "Маракана" цэнгэлдэх хүрээлэнгээс хийсэн богино хэмжээний бичлэгийг Инстаграм хуудастаа нийтэлж, шинэ бүтээлийнхээ хэсгээс хуваалцсан байна. Нигерийн дуучин Burna Boy-той хамтран дуулсан уг дууны албан ёсны нээлтийг тавдугаар сарын 14-нд хийх ажээ.
Инстаграмдаа нийтэлсэн бичлэгт дуучин бүсгүй тэмцээнд оролцох хэд хэдэн үндэсний шигшээ багуудын өнгөөр ижилссэн бүжигчдийн хамт гарчээ. Энэ удаагийн ДАШТ зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний хооронд Мексик, АНУ болон Канадын хотуудад болно.
Уг бичлэгт мөн Шакирагийн уран бүтээлүүд салшгүй хэсэг байсан 2006, 2010, 2014 оны ДАШТ-ий албан ёсны бөмбөгүүдийг харуулсан байна.
Латин Америкийн поп урлагийн тод төлөөлөгч тэрбээр 2010 онд ӨАБНУ-д болсон ДАШТ-ий сүлд дуу болох "Waka Waka-г (This Time for Africa)" дуулж байсан юм. Мөн 2006 онд Германд болсон тэмцээний хаалтын ёслолд өөрийн хит "Hips Don't Lie"-г, 2014 оны Бразилын ДАШТ-ий хаалтын ёслолд "La La La" дууг дуулж байв.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Г.Энх-Од

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!