Орхон аймгийн Улсын тэргүүний Жаргалант сумын нэрэмжит пара волейболын аварга шалгаруулах нээлттэй тэмцээний тэргүүн байрт нийслэлийн Чингэлтэй дүүргийн баг тэргүүллээ.
Аймаг, сум улсын хэмжээнд пара волейболын спортыг олон нийтэд сурталчилан таниулах, хөгжүүлэх, шинэ залуу тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор зохион байгуулсан тус тэмцээний дэд байрт нийслэлийн БЗД-ийн баг шалгарсан бол гуравдугаар байрыг Орхон аймгийн Жаргалант сумын баг эзэллээ.
Энэхүү тэмцээнд 1, 2, 3 дугаар байр эзэлсэн багуудаас гадна Орхон-1, Орхон-2, Бүрэн бүст баг, Зэст баг, Хөвсгөл аймаг, Зүүн хараа баг зэрэг нийт 9 багийн 70 гаруй тамирчид өрсөлдсөн юм.
Тэмцээний шилдэг эрэгтэй тоглогчоор БЗД-ийн тамирчин Д.Ганбат, шилдэг эмэгтэй тоглогчоор ЧД-ийн тамирчин Ч.Наранцэцэг нар шалгарлаа.
Нээлттэй тэмцээнийг зохион байгуулсан Улсын тэргүүний Жаргалант сумын Засаг дарга Зоригтбаатар болон сумын иргэд олон нийтэд Монголын үндэсний паралимпын хорооноос талархал илэрхийлсэн юм.