Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Хятадын iFLYTEK компанийн Бээжин дэх салбараар зочилж, тус компанийн хиймэл оюун ухаанд суурилсан дуу хоолой, яриа таних, хөрвүүлэх программ хангамж, цахим дуут хэлний орчуулгын төхөөрөмж, ухаалаг компьютерийн программ хангамжтай танилцав.
iFLYTEK компани нь боловсрол, эрүүл мэнд, хот төлөвлөлт, үйлдвэрлэлийн салбарт хиймэл оюун ухааны төрөл бүрийн бүтээгдэхүүн болон хэрэглээний программ хөгжүүлэлтийг хийж байгаа бөгөөд 2010 оноос хойш ухаалаг дуу хоолой, хүн-компьютерийн харилцан үйлчлэлд төвлөрсөн iFLYTEK Open Platform хиймэл оюун ухааны нэг цэгийн шийдлээр хангасан платформыг хөгжүүлж байна.
Тус компанийн технологиор дамжуулан хөдөө орон нутагт эрүүл мэнд, боловсролын байгууллагын орон тооны дутагдлыг нөхөх боломжийг эрэлхийлэх, мөн хиймэл оюун ухаанд суурилсан орчуулга хийх, хэлмэрчлэх төхөөрөмжийг ашиглан олон улсын хурал зөвлөгөөн, уулзалт, арга хэмжээг гадаадын олон хэлээр хэлмэрчийн шаардлагагүйгээр нэгэн зэрэг зохион байгуулах, гадаадын иргэдэд чиглэсэн төрийн зарим үйлчилгээнд нэвтрүүлэх боломжтой гэж үзэж байгаагаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг iFLYTEK компанийн удирдлагуудад илэрхийлсэн бөгөөд ойрын хугацаанд Монгол Улсад ирж, хамтран ажиллахыг урив.
iFLYTEK компани нь 2017, 2019 онд MIT технологийн дэлхийн хамгийн шилдэг 50 компанийн нэгээр шалгарч, 2017 онд Хятад улсад 1 дүгээрт, дэлхийд 6-д бичигдэж байсан бөгөөд 2016 онд iFLYTEK орчуулгын төхөөрөмжийг Хятадын зах зээлд нэвтрүүлж байсан аж.