Монголын эмэгтэй жүдочдоос өчигдөр /2023.05.09/ хүчээ сорьсон 57 кг жинд ОУХМ Л.Энхрийлэн хүрэл медаль хүртэснээр ДАШТ-ий хошой хүрэл медальтан болов.
Ийнхүү өнгөрсөн жил “Ташкент-2022” ДАШТ-ээс хүртсэн хүрэл медалиа хос болгож ихэрлүүлсэн амжилт үзүүллээ.
Тэрбээр шигшээ 16-д Европ тивийн аварга Израилын 28 настай Тимна Нелсон Лэвитэй барилдаж торгуулиар ялж шөвгийн наймд шалгарч олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн аварга Канадын 26 настай Жессика Климкайттай таарч барилдан нэмэлт цагт торгуулиар ялж хагас шигшээд шалгарсан.
Улмаар Л.Энхрийлэн хагас шигшээд дэлхийн аварга Канадын Кристиа Дэгүчид хоёр вазари үнэлгээгээр ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм.
Ингээд хүрэл медалийн төлөө Азийн аваргын хүрэл медальт БНСУ-ын Мими Хухтай таарч барилдан нэмэлт цагт торгуулиар ялснаар Л.Энхрийлэн ДАШТ-ий хүрэл медаль хүртсэн юм.
Энэ өдөр эрэгтэйчүүдийн 73 кг жинд хүчээ сорьсон Б.Эрдэнэбаяр эхний даваандаа Израилын бөхөд ялагдсан бол гавьяат тамирчин Ц.Цогтбаатар Алжирын жүдоч М.Дрис-д цэвэр ялагдаж тэмцээнээ дуусгасан.