Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2 дугаар хуралдаан өнөөдөр болж дараах холбогдох зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох болон монопол байдалтай аж ахуй эрхлэгчийн үнэ тарифын өөрчлөлттэй холбогдох асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн зохицуулалтгүй үйлчилгээний үнэ, тарифын өөрчлөлт, шинэ суудлын автомашины импортын зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
“Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн зохицуулалтгүй үйлчилгээний үнэ, тарифын өөрчлөлтийн хувьд тус компанийн зохицуулалтгүй 12 үйлчилгээнд мөрдөх үнийг баталж, зөвшөөрөл олгохдоо үйлчилгээний хураамжийн нэр давхардсан, концессын зүйлд хамаарах дотоод аж ахуйн үйл ажиллагааны үйлчилгээ болон зохицуулалттай салбарын үнэ тарифт хамаарч байгаа 4 үйлчилгээний төрлийг зохицуулалтгүй төлбөр хураамжийн төрлөөс хасаж баталлаа.
Харин шинэ буюу үйлдвэрлэснээс хойш 3 хүртэл жил болсон суудлын автомашины импортын зах зээлд 2020 оны байдлаар тухайн зах зээлийн гуравны нэг буюу түүнээс дээш хувийг дангаараа эзэлсэн “Тоёота сэйлс монголиа” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоож шийдвэрлэлээ.