Боксын эрэгтэйчүүдийн 2023 оны ДАШТ Узбекистаны нийслэл Ташкент хотноо 10 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн ДАШТ хамгийн өндөрт тооцогдох 5.2 сая ам.долларын шагналын сантай, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд 200, 100, 50 мянган ам.доллар гардах тус тэмцээнд Монголын 10 боксчин өрсөлдсөн.
Тэмцээний найм, ес дэх өдөр шөвгийн 16-гийн тулаанууд болж, медалийн төлөө өрсөлдөх тамирчдын нэрс тодров. Тэдний дотор Монголын хоёр боксчин үлдээд байгаа юм
Сонирхогчдын боксын 63.5 кг-д Ази тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт, Армийн дэлхийн аварга Б.Чинзориг Австралийн М.Маклериг 5:0, Камеруны М.Оумароуг 5:0, Конгогийн Ф.Мулумбаг 5:0-ээр тус тус ялж, медалийн төлөөх тулаанд шалгараад байна.
Тэрбээр өнөөдөр энэхүү тулаанд дэлхийн гурван удаагийн аварга, олимпын гурван хүрэл медальт Кубын Ласаро Алварестай нударга зөрүүлнэ. ОУХМ Б.Чинзоригийн хувьд ДАШТ-ий медалийн даваанд гурав дахь удаагаа гарч тулалдах гэж байна.
Харин 67 кг-д хүч сорьж буй Азийн аваргын хүрэл медальт Б.Мишээлт эхний даваанд гоц мөргөж, улмаар Алжирын Х.Крамауг 5:2, Армений Г.Мадояныг 4:3-аар ялж, шөвгийн наймд шалгарлаа. Тэрбээр өнөөдөр медальтай үлдэх эсэхээ шийдэх чухал тулааныг Венесуэлийн К.Паласиогийн эсрэг хийх юм.