Узбекистаны Ташкент хотноо боксын ДАШТ 10 дахь өдрөө /2023.05.10/ үргэлжилж энэ өдөр рингэнд хүрэл медалийн төлөөх тулаанд ОУХМ Б.Чинзориг дэлхийн 3 удаагийн аварга, ДАШТ-ий 2 мөнгө, “Лондон-2012”, “Рио-2016”, “Токио-2020” олимпын хүрэл медальт, Кубын алдарт боксчин Лазаро Альварезыг 4:1-ээр ялж, баг тамирчдыхаа медалийн салхийг хагалж чадлаа.
‘’Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Баатарсүхийн Чинзориг ийнхүү Ташкентын ринг дээр 63.5 кг жинд ДАШТ-ий хүрэл медалийн болзол хангалаа. Тэрбээр ДАШТ-ий медалийн төлөөх тулаанд гурав дахь удаагаа хүчээ сорьсоны эцэст дэлхийн медальтан боллоо.
Армийн дэлхийн аварга Б.Чинзоригийн амжилтаас дурдвал, Ази тивийн АШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт, олимпын эрх олгох болон Азийн наадмын мөнгөн медальт тамирчин юм. Тэрээр өсвөрийн УАШТ-д 2 удаа, Залуучуудын УАШТ-д 3 удаа, Насанд хүрэгчдийн УАШТ-д 11 удаа түрүүлсэн Монголын шилдэг боксчин билээ. ОУХМ Б.Чинзориг ДАШТ-ий мөнгөн медалийн төлөө Ази тивийн аварга Б.Усмоновтой баасан /05.12/ гарагт тулалдана.
ОУХМ Б.Мишээлт 67 кг Венесуэлийн боксчинтой хүрэл медалийн төлөө тулалдаж 1 дүгээр үед хожигдсон ч 2 дугаар 2 дугаар үеийн төгсгөлд хүчтэй цохилт хийж илүүрхэн, улмаар өрсөлдөгчийн хөмсөг гэмтэж шүүгч тоглолтыг зогсоосон. Ингээд шүүгчид ялалтыг Монголын тамирчинд өгч ДАШТ-ий медалийн болзлыг хангалаа. Дэлхийн медальтан болсон Б.Мишээлт 2022 оны УАШТ-ий шигшээ тулаанд гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг ялж байсан юм.