Канад Улсын Парламентад Канад-Монголын парламентын бүлгийг шинэчлэн байгуулсантай холбогдуулан 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Канад Улсын Сенатын ордонд ёслолын арга хэмжээ болов.
Ёслолд 2022 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри, Канадын Гадаад хэргийн яамны төлөөлөл болон бусад хүндэт зочин оролцов.
Канад Улсын Парламент дахь Канад-Монголын парламентын бүлэг нь Сенатын танхим болон Нийтийн танхимын 18 гишүүнтэй бөгөөд бүлгийн даргаар Сенатын танхимын гишүүн Мишель Одетт ажиллана.
Канад Улсын Парламентад Канад-Монголын парламентын бүлэг анх 2003 онд байгуулагдаж байсан. Хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа нь Монгол Улс, Канад Улсын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хоёр улсын ардчиллын нийтлэг үнэт зүйлсийг бататган бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн.