Авто замын түгжрэлийг бууруулахаар хотын төвд их багтаамжийн зогсоол барихаар төлөвлөөд буй. Энэ хүрээнд эхний ээлжинд хувийн хэвшилтэй хамтран хоёр байршилд зогсоол байгуулахаар сонгон шалгаруулалт зарлан, зургаадугаар сарын 5-ныг өдрийг хүртэл материалыг нээлттэй хүлээн авч байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Циркийн зүүн талд болон ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ард талд гэсэн хоёр байршлыг нийслэлийн зүгээс тодорхойлоод буй. Их багтаамжийн зогсоолын барилгын ажил, менежментийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж хариуцан ажиллах бөгөөд үнийн хувьд нэг цагийн мянган төгрөг байхаар урьдчилан тогтоогоод байгаа юм.
Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг “Төслийн сонгон шалгаруулалтыг Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК хариуцан ажиллаж байна. Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, менежментийг сайжруулахад онцгой анхаарах ёстой. Энэ нь түгжрэлийг бууруулахад томоохон нөлөө үзүүлнэ” хэмээлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС