Японы мэргэжлийн сумо бөхийн Токио хотноо үргэлжилж байгаа тавдугаар сарын Зуны башёгийн 4 дэх өдрийн /2023.05.17/ барилдааны тоймыг та бүхэнд танилцуулж байна.
Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, энэ өдөр Тобизарюү /М-3/-тэй хүч үзэж түүнийг кимэдаши мэхээр хаяснаар 4 даваатай боллоо.
Миторюү М.Төрболд /М-16/ энэ өдөр Азүмарюү С.Тодбилэг /Жүрёо-2/-тэй барилдаж түүнийг ошидаши мэхээр давж 3 даваа, 1 унаатай болов.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-13/, Аойяама /М-12/-тай учраа таарч түүнийг уватэхинери мэхээр давснаар 3 унаа, ганц даваатай башёг үргэлжлүүлж байна.
Дээд зиндаанд дэвшин барилдаж байгаа Хокүсейхо Э.Даваанинж /М-11/, өнөөдөр Рюүдэн /М-10/-тэй учраа таарч түүнийг уватэнаге мэхээр давснаар 3 даваа, 1 унаатай болоод байна.
Мэргэжлийн сумо бөхийн тэмцээний 3 дахь өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил /М-7/, Таканошо /М-8/-тэй барилдаж, түүнд цүкиотоши мэхээр унаснаар ганц даваа, 3 унаатай боллоо.
Сэкиваке Хошёорюү С.Бямбасүрэн Аби /М-1/-тэй учраа таарч барилдан түүнийг ошидаши мэхээр хаяснаар 1 унаа, 3 даваатай явна.
Энэ өдөр Сэкиваке Кирибаяама Б.Лхагвасүрэн, Нишикифүжи /М-3/-тэй таарч барилдан түүнд хатакикоми мэхээр хаяж 3 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.