Монголын Шатрын холбоо, “Тэнгэрийн Түүх медиа” групптэй хамтран одоогоос 2 сарын өмнө “Шатрын хүрээлэн” төслийг хэрэгжүүлж эхлэх гэж байгаагаа зарлаж байв.
“UG arena” хүрээлэнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа уг төсөлд тус бүр нь 5 хүний бүрэлдэхүүнтэй 2 баг оролцож, 3 метр хүртэлх өндөртэй шатраар 15х15 минутын хугацаатай тоглоно гэдгийг танилцуулж байсан юм.
Тэгвэл оюун ухааны спорт болох шатрыг багаар тоглох уг төслийн 1 дүгээр шатны 8 баг хэдийнэ бүрджээ. Төслийн бичлэгийг 6 дугаар сарын 4-нд UG Arena-д хийхээр төлөвлөсөн бөгөөд нийт 11 өрөг тоглох юм байна. Нийт шагналын сан 60 сая төгрөг бөгөөд хамтран зохион байгуулагч МҮОНРТ наадмаас өмнө үзэгчдэд хүргэхээр болжээ.
“Шатрын хүрээлэн” төсөл нь зөвхөн Монгол Улсад төдийгүй олон улсад нэвтрэн хэрэгжих боломжтой бөгөөд хөлбөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай гэхчилэн орон зайн алинд ч хувиран тоглож болох томсгосон хэлбэртэй шатраар өрсөлдөх аж. Монгол оюун сэтгэлгээг дэлхийд таниулах зорилготой энэ төсөл дээр “Монос” групп, “Шатрын хүрээлэн”-тэй хамтран ажиллахаар болж, эхний хамтран ажиллах гэрээг хийж, гарын үсэг зурсан.
Ташрамд дурдахад, Азийн шатрын холбооны ерөнхийлөгч Шейх Султан Бин Халифа Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатарыг шатрын Зүүн Азийн бүсийг хариуцсан ерөнхийлөгчийн зөвлөхөөр өнгөрсөн сард томилсон. Ийнхүү Ази тивийн шатрын спортын хөгжлийг тодорхойлоход манай улс санал өгөх, нөлөө үзүүлэх боломжтой болсон нь сайшаалтай.