Зуны тэмцээнд 14 даваатай түрүүлж, найм дахь түрүүгээ авсан ёкозүна Тэрүнофүжи өнөөдөр өглөө дэвжээнийх нь байранд болсон хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчидтэй сэтгэгдлээ хуваалцлаа.
Өнгөрсөн оны есдүгээр сарын тэмцээнд хуучин гэмтлээ сэдрээж, аравдугаар сард нь хоёр өвдгөндөө мэс засал хийлгээд дохёндоо эргэн ирсэн аварга торох зүйлгүй түрүүлж чадсан.
Тэрүнофүжи “Башё амжилттай сайхан өндөрлөлөө гэж бодож байна. Сонирхолтой сайхан 15 хоног байлаа. Би ямар ч байсан 15 хоног барилдана гэж бэлтгэлээ хийж байсан, зорилгодоо ч хүрлээ. Ганц өдрийг ч гэсэн дэмий өнгөрөөхгүй гэж бэлтгэлээ хийн, хичээж зүтгэж байсны ач тус гарлаа. Түрүүлэх, түрүүлэхгүйдээ гол нь биш, харж байгаа хүмүүст хичээн зүтгэвэл болохгүй, бүтэхгүй зүйл гэж байдаггүй юм байна гэсэн бодол төрүүлж чадсан бол сайхан хэрэг.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард хүүтэй болсон. Хүүдээ Чингис хааны нэр болох Тэмүжин гэдэг нэр өгсөн. Аав болсны дараах анхны минь түрүү. Их баяртай байна” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Эх сурвалж: М.Сугар-Эрдэнэ | Zindaa.mn