МҮОХ-ноос өсвөрийн хүүхэд залуусыг спортод дур сонирхолтой болгох, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор бадминтоны спорт өдөрлөгийг нийслэлийн ерөнхий боловсролын 121 дүгээр сургуульд зохион байгууллаа.
Жаргалант тосгон буюу 61-ийн гарамд байрлах тус сургууль 2012 онд байгуулагдсан, өдгөө 740 сурагч, 80 багштайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Жендэрийн тэгш байдлыг хангах, охидыг багаас нь өөртөө итгэлтэй болгон олимпын үзэл санаагаар хүмүүжүүлэх, би чадна гэсэн итгэлийг төрүүлэхэд спортыг ашиглах, спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэх, цаашлаад нийгмийн харилцаанд эмэгтэйчүүдийн идэвхтэй оролцоог спортоор дамжуулан нэмэгдүүлэх нь ОУОХ-ны бодлого чиглэл, НҮБ-ийн тогтвортой хөгжлийн зорилтод нийцэж буй бөгөөд Азийн олимпын зөвлөлөөс мөн энэхүү асуудалд анхаарал хандуулан дэмжлэг үзүүлж байгаа билээ.
Тус сургалтад 4 дүгээр ангийн 30 охид хамрагдсан бөгөөд тэдэнд бадминтоны үндсэн техникийг насны онцлогт тохирсон хөгжөөнт тоглоомын аргаар зааж сургав.
121 дүгээр сургуулийн “Жаргалант” олимпын танхим өнгөрсөн жил “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаанд амжилттай оролцож, улсын хэмжээний таван шилдэг олимпын танхимын нэгээр тодорсон.
Тус сургуулийн тухайд спортоор дамжуулан хүүхдүүдээ хөгжүүлэхийг зорьж байгааг захирал Б.Дуламсүрэн хэлэв.
“Орчныг нь бүрдүүлээд л өгвөл хүүхдүүд хөгжих боломжтой. Одоо манайд сагс, волейбол, жүдо, хөнгөн атлетик, гимнастикийн секц хичээллэж байна. Сагсан бөмбөгийн сайхан талбайтай болсон. Мөн хөлбөмбөгийн талбайтай болохыг зорьж байгаа” хэмээн Б.Дуламсүрэн захирал ярилаа.
Арга хэмжээний үеэр биеийн тамирын хичээл явуулахад шаардлагатай бөмбөг, бадминтоны цохиур зэрэг спортын хэрэглэл, эд зүйлийг тус сургуульд гардуулан өгсөн юм.
121 дүгээр сургууль 100 хүүхдийн дотуур байртай бөгөөд хүлэмжинд нарийн ногоо тариалж, хүнсэндээ хэрэглэдэг байна. Мөн Японы буцалтгүй тусламжийн хүрээнд газрын гүний дулаанаар сургуулийнхаа халаалтыг шийдэх төсөл хэрэгжүүлж байгаа гээд бүтээлч ажил оволзсон сургуулийн сурагчид ийнхүү нэг өдрийг спортоор хичээллэн өнгөрүүллээ.