Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүч, геологи, уул уурхай үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран “Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 2023-2024 оны хамтын хэлэлцээр”-ийг байгуулав.
Энэхүү хэлэлцээрийн зорилго нь Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын өмчийн хэлбэр харгалзахгүйгээр Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж баталгаажуулах, ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлыг дэс дараатай шийдвэрлэх, үйлдвэрлэлийн үр ашиг, салбарын тогтвортой байдлыг хангахад оршино.
Хэлэлцээрт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг төлөөлж Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Батбаяр, Үйлдвэрчний эвлэлийн холбоог төлөөлж МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор, салбарын ажил олгогч эздийг төлөөлж Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа нар гарын үсэг зурж, баталгаажуулав.
Гэрээ хүчин төгөлдөр болж эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд хүчинтэй ба хэлэлцээрт талуудын харилцан тохиролцсоны үндсэн дээр цалин хөлс болон бусад асуудлаар нэмэлт өөрчлөлт оруулж болох ба талууд салбарын хэлэлцээрийн биелэлтийн явцыг хамтран жил бүр дүгнэж хэлэлцээрийн биелэлтэд хяналт тавьж ажиллах юм.