ДАШТ-ийг эх нутгийн дэвжээнээ хүлээн авсан Монголын жюү жицүгийн холбоо, Монголын спортын сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллахаар болж, санамж бичиг байгууллаа.
Уг ёслолд Монголын жюү жицүгийн холбооны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Б.Цагаанбаатар нар оролцож санамж бичигт гарын үсэг зурав.
Улмаар 7 дугаар сарын 14-20-ны өдрүүдэд "Степпе арена"-д болох насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголын спортын сэтгүүлчдийн холбоо /МССХ/-ны сэтгүүлчид сурвалжлахаар болов. Мөн олон улс, тив дэлхийн томоохон тэмцээнд зохион байгуулагддаг “Залуу сэтгүүлч” хөтөлбөр уг тэмцээний үеэр хэрэгжих юм байна.
Тус холбоо нь 80 гаруй гишүүнтэй бөгөөд спортын сэдвээр дагнан бичдэг, сурвалжилдаг сэтгүүлч, гэрэл зурагчдаас бүрдсэн хамт олон билээ..
Монгол оронд болж байгаа дотоодын тэмцээн уралдаан болон олон улс, олимп, дэлхийн аваргад ажиллаж байсан туршлагатай сэтгүүлчид Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулалт хэвлэл мэдээлэл, тэмцээний үеийн шуурхай мэдээллийг үзэгч, уншигчдад газар дээрээс нь шуурхай сурвалжилан олон нийтэд мэдээлнэ.