Нэгдсэн Үндэстний Байгууллагын харьяа Олон улсын худалдааны төв нь бичил, жижиг, дунд бизнесүүдийн өрсөлдөх чадварыг дэмжих нь хувь хүн, олон нийт, улс орнуудыг ядуурлаас гаргаж, илүү шударга дэлхийг бий болгох зорилготой байгууллага юм.
Тус байгууллага нь жил болгон “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-ыг зохион байгуулдаг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар энэ жилийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Энэхүү чуулга уулзалт нь хөгжиж буй орнуудын худалдаа, экспортыг дэмжих, жижиг, дунд үйлдвэрүүдийг бараа, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах, дэлхийн болон бүс нутгийн нэмүү өртгийн сүлжээнд нэгдэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-ыг “Ногоон худалдааг төрөлжүүлэх нь: Органик, Дижитал, Тогтвортой” сэдвийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон Олон улсын худалдааны төв хамтран 2023 оны 6 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Энэ жил зохион байгуулагдаж байгаа 20 дахь удаагийн Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтад бодлого боловсруулагчид, олон улсын банк санхүүгийн байгууллагууд, экспортын зорилтот зах зээлийн томоохон худалдан авагчид болон олон улсын хэвлэл мэдээллийн байгууллага зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож, дэлхийн ногоон худалдааны чиг хандлага, цаашдын хөгжил, инновац, худалдааны дижитал орчин болон эмэгтэйчүүдийн оролцоо зэрэг асуудлыг хөндөн санал солилцож, залуу бизнес эрхлэгчдийн дунд дэлхийн залуу эко-энтерпренерыг сонгон шалгаруулна.
Өнөөдрийн байдлаар 300 гаруй гадаад, дотоодын бизнес эрхлэгч, хувийн хэвшлээс, 200 гаруй төрийн болон төрийн бус байгууллага, шинжлэх ухаан, судалгааны байгууллага, эрдэмтэн судлаачдын төлөөллүүд оролцохоор бүртгүүлээд байна. Хятадаас Алибаба платформ, Энэтхэгээс арьс ширний худалдан авагч, Арабын улсуудаас мах, махан бүтээгдэхүүний худалдан авагч зэрэг экспортын зорилтот зах зээлийн томоохон тоглогчид оролцоно.
Түүнчлэн, Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтын хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг экспортод гаргах гарцыг нээх, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлүүдийг хооронд нь холбох, мэдээлэл солилцох зорилгоор Сүхбаатарын талбайд үзэсгэлэн гаргаж байна.
Тус чуулга уулзалтыг Ерөнхийлөгчийн тамгын газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийн газар болон Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж байна.