Тайланд улсын Бангкок хотноо 6 сарын 17-27 хооронд зохиогдож буй 2023 оны АСЕАН-ы аварга шалгаруулах тэмцээн албан ёсоор өнөөдөр эхэллээ.
Тус тэмцээнд Азийн шилдэг орнуудын төлөөллүүд болох БНХАУ, Вьетнам тэргүүтэй нийт 16 улсаас 400 орчим өсвөрийн шатарчид 8-с 20 хүртэлх насны ангилалд өрсөлдөж байна.
Энэхүү тэмцээнд эхний гурван байрт шалгарсан шатарчид Олон улсын шатрын холбооны мастераас эхлээд Их мастерын 1 норм авах боломжтой юм.
Тэмцээний нээлтийн үеэр манай баг шилдэг шатарчдын дасгалжуулагч, дэлхийн аваргын төлөө 3 удаа шалгарч тоглосон, алдарт Их мастер Артур Юсуповтой уулзсан сайхан үйл явдал болжээ.
Монгол улсаас Өмнөговь аймаг, Сэлэнгэ аймаг болон "Элит Брэйн" Олон улсын шатрын академийн 8 тамирчин энэ жилийн АСЕАН-ы аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна.
Тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр Монгол Улсын тугийг Өмнөговь аймгийн Даян Хаан Билигт шатрын клубын тамирчин С.Төгөлдөр болон А.Номин нар мандууллаа.