МҮОХ-ноос Олимпын өдрийг угтсан цуврал арга хэмжээний хүрээнд шилдэг залуу сэтгүүлчийн шалгаруулалтыг Азийн олимпын зөвлөл, Монголын спортын сэтгүүлчдийн холбоотой хамтран явууллаа.
Арга хэмжээний нээлтэд МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бээжин-2008” олимпын аварга Э.Бадар-Ууган оролцож, хүүхдүүдэд амжилт хүсэв.
Энэхүү шалгаруулалтад англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай, 16-20 насны 30 залуус хамрагдав.
Шалгаруулалтыг Азийн олимпын зөвлөлийн редактор Жереми Уолкер удирдан явуулсан бөгөөд хүүхдүүд “Токио-2020” олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэгтэй чөлөөт уулзалт ярилцлага хийв.
Улмаар М.Уранцэцэгийн туулсан замнал, амжилт, амьдралын түүхийн хүрээнд цаанаас өгсөн чиглэлийн дагуу англи хэл дээр эсээ бичсэн юм.
Шилдэг эсээ бичлэгийн эздийг маргааш Сүхбаатарын талбайд болох Олимпын өдрийн арга хэмжээнийн үеэр зарлана. Улмаар тэргүүн байр эзэлсэн нэг хүүхэд “Ханжоу-2022” Азийн наадамд урилгаар оролцох бол хоёр, гуравдугаар байрын оролцогч мөнгөн шагналын эзэн болох юм.