Монголын хүүхдийн спортын VII наадмын шигшээ тэмцээн 23 төрөлд шилдгүүдээ тодруулах бөгөөд одоогоор таеквондо, чөлөөт бөх /20 жинд/, уран сайхны гимнастик, шатар, даамын тэмцээнүүд шилдгүүдээ шалгаруулаад байна.
Таеквондогийн тэмцээн 10 жинд болж 180 гаруй тамирчин өрсөлдсөнөөс багийн дүнгээр Сүхбаатар дүүргийн баг тамирчид тэргүүлж Чингэлтэй дүүрэг 2 дугаар байрт шалгарсан бол Сэлэнгэ аймгийн баг 3 дугаар байрт шалгарлаа.
Тус наадмын эхний өдөр чөлөөт бөхийн төрлөөр эхэлж 2 өдөр үргэлжлэн 20 жинд шилдгүүдээ тодруулсан. Багийн нэгдсэн дүнгээр Энхбаяр дасгалжуулагчтай Төв аймгийн баг тэргүүн байрт шалгарсан бол Сэлэнгэ аймаг 2 дугаар байрт, Сүхбаатар дүүрэг 3 дугаар байрт тус тус шалгарлаа.
Энэ удаагийн хүүхдийн наадамд гимнастикийн төрөл уран сайхны гимнастикийн ганцаарчилсан болон багийн төрлөөр өрсөлдөж 2 төрлийн нийлбэр дүнгээр Чингэлтэй дүүргийн баг алтан медаль хүртлээ. Энэхүү наадмын 4 дэх өдөр Самбо бөхийн тэмцээн эхэлж байгаа бол сагсан бөмбөг, крикетийн тэмцээнүүд үргэлжилж байна. Өчигдөр шатар, даамын төрлүүд өндөрлөж хүүхдийн спортын 7 дугаар наадмын медальтнууд тодорсон.