Баянхонгор аймагт болж буй Монголын хүүхдийн спортын зуны VII наадамд газар газраас ирсэн өсвөр үеийн шилдгийн шилдэг тамирчин хүүхдүүд олноор хүрэлцэн ирж оролцож буй.
Боксын төрөлд охидын 46 кг жинд Хан-Уул дүүргээс оролцсон Азжаргалын Амина бүх өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө дуусгаж алтан медаль хүртсэн. Өдгөө 14 настай Амина охин боксын спортоор хичээллээд нэг жил, 7 сарын хугацаанд 12 тэмцээнд дараалан алтан медаль хүртсэн супер амжилтыг үзүүлээд байгаа аж.
Тэрбээр Нисэхийн VII сургуулийн биеийн тамирын багш Э.Гаваагийн удирдлага дор боксын спортоор хичээллэснээс хойш асар богино хугацаанд өндөр амжилт үзүүлэн оролцсон тэмцээн бүртээ шар өнгийн медаль зүүж одоогоор ялагдал гэдгийг амсаагүй яваа. А.Амина энэ жил өсвөр үе, залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн, “Олимпийн гараа”, Монголын хүүхдийн спортын зуны VII наадам гээд дөрвөн том тэмцээнд нэг амьсгаагаар аваргалсан юм.
Түүнийг “Бээжин-2008” олимпийн мөнгөн медальт, боксын анхны дэлхийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамбатай ижил төстэй техниктэй хэмээн боксын мэргэжилтнүүд хэлдэг. Өөрөө ч Сэрдамбыг хүндэлж биширч түүн шиг мундаг боксчин болох зорилготой.