Өчигдөр /2023.07.04/ Шизүока мужийн Яйзү хоттой биеийн тамир, спортын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж, нийтийн биеийн тамир, хүн амын эрүүл амьдралын хэв маяг, бүх нийтийг биеийн тамир, спортоор хичээллүүлэх орчин нөхцөлөөр хангахад чиглэсэн төрийн бодлого, авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
2015-2021 онд Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо Япон улсын Шизүока мужийн Яйзү хоттой хамтран чөлөөт бөх, 3х3 сагсан бөмбөг, пара хөнгөн атлетик, пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчдыг "Токио-2020" олимп, паралимпын наадмын өмнөх бэлтгэлийг хангах ажлыг зохион байгуулж ирсэн.
Мөн 2018, 2019 онуудад биеийн тамир, спортын салбарын ажилтан, албан хаагчдын "Япон улс дахь нийтийн биеийн тамирын хөгжлийн бодлого, спортын арга хэмжээ, тэмцээний зохион байгуулалт” сэдэвт сургалтыг 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулж байсан юм.
Түүнчлэн Яйзү хот нь Монголын өв уламжлал соёлыг Япон улсад сурталчлах зорилгоор жил бүр хотын ард иргэдийн дунд Монголын соёлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж Монголын үндэсний үйлдвэрийг дэмжих зорилгоор үзэсгэлэн худалдааг тогтмол зохион байгуулж байна.
Өнөөдрийн уулзалтанд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, БТСУХ-ны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан, БТСУХ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Цэрэнболд, БТСУХ-ны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, БТСУХ-ны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн мэргэжилтэн Э.Энхсоёл, Яйзү хотын дарга Накано Хиромичи, Хамтын ажиллагааны газрын дарга Мацүнага Тошифүми, Яйзү хотын иргэдийн хурлын дарга Ишида Эрико, Яйзү хотын иргэдийн хурлын төлөөлөгч Сүгита Гентаро, Яйзү хотын иргэдийн хурлын төлөөлөгч Кавашима Канамэ, Яйзү хотын иргэдийн хурлын төлөөлөгч Кавай Казүяа нар оролцлоо.