Шинэ Зеландын Окленд хотын 43 мянган хүний суудалтай "Эден парк" цэнгэлдэхэд болсон эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээний эхний хагас шигшээ тоглолт болох Испани-Шведийн "тулаан" 2:1 харьцаагаар Испанийн шигшээ багийн ялалтаар өндөрлөлөө.
Испаничууд энэ дэлхийн аваргаар хэсэгтээ Коста -Рикаг 3:0, Замбиг 5:0-ээр хожиж, Японд 0:4-өөр " тоосоо гөвүүлээд" хэсгээсээ хоёроор гарсан. 16-д Швейцарийг 5:1-ээр төвөггүй хожсон Испанийн бүсгүйчүүд шөвгийн наймд Холландтай хүндхэн тоглолт хийж, нэмэлт цагт 2:1-ээр хожин анх удаагаа ДАШТ-д шөвгөрсөн билээ.
Харин Шведүүд хэсэгтээ ӨАБНУ-ыг 2:1, Италийг 5:0, Аргентинийг 2:0-ээр ялж, хэсгээ тэргүүлээд хасагдах шатанд дэлхийн дөрвөн удаагийн аварга АНУ-ын багийг торгуулийн цохилтоор, шөвгийн наймд 2011 оны дэлхийн аварга Японы хүчтэй багийг 2:1-ээр ялж шөвгөрсөн.
Тиймээс ч хоёр дэлхийн аварга багийг дараалан ялсан Скандинавын хүүхнүүдээс хүлээх хүлээлт их байлаа.
Гэвч Испанийн багийг тоглолтын эхнээс л бөмбөгийг илүү эзэмшиж, илүүрхэж тоглов. Харин Шведийн баг дэндүү хаширлаад олигтой довтолгоон үзүүлсэнгүй эхний үе 0:0-ээр өндөрлөв. Хоёрдугаар үеийн эхний хагас цагт ч багуудын тоглолт хэвээрээ, үр дүн ч өөрчлөгдсөнгүй. 81 дэх минутад сэлгээгээр талбайд орсон Испанийн залуу довтлогч (19 настай ) Паральуэло тоглолтын салхийг хагаллаа. Тэрбээр өмнөх Холландтай хийсэн тоглолтод мөн л сэлгээгээр талбайд гарч ирээд гоолдож байсан юм.
Шведүүд 88 дахь минутад хариу гоолыг оруулж, хүйтэн салхитай, бороо шивэрсэн зэврүүн үдшийг тоолгүй цэнгэлдэхэд ирсэн хөгжөөн дэмжигчдийн сэтгэлийн хөдлөл бараг дарагдаж амжаагүй байхад Испанийн Кармона 89 дэх минутад 16-ийн гаднаас тун гоё цохиж хожлын гоолыг оруулснаар "Ла роха" ийнхүү финалд шалгаран үлдлээ.
Тэд маргааш болох Австрали-Английн багуудын аль ялсантай наймдугаар сарын 20-нд аваргын цом, алтан медалийн төлөө өрсөлдөх юм.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
Мэдээллийн спонсор:
Софтвэйрийн iCodice, LLC
"Fast 100 Asian American business 2023" өргөмжлөлт авто тээврийн
Monway Express LLC- Auto Transport
Хамтран ажиллагч: