“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам Монгол бөхийн өргөөнд боксын тэмцээнээр эхэлсэн бөгөөд тус тэмцээнд 43 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлсэн бөгөөд өнөөдөр зарим жингийн урьдчилсан шатны тоглолтууд явагдлаа.
Монголын боксчдын салхийг хагалж өсвөр, залуучуудын улсын аваргын алтан медаль болон шилдэг боксчны шагналт, Алматын олон улсын тэмцээний хүрэл медальт Э.Номундарь рингэнд гарсан юм. Эмэгтэйчүүдийн 54 кг-д өрсөлдөж буй түүний учраа нь БНСУ-ын У Еэ Жин байв.
Манай тамирчин эхний минутаас санаачилгыг авч, тулааныг удирдан тоглосон. Улмаар гурван үеийн тулааны эцэст шүүгчдийн 4:1 гэсэн саналаар ялалт байгууллаа.
Э.Номундарь энэ тулаанд ялснаар хагас шигшээд шалгарч, хүрэл медалийн болзол хангаж байна. Тэрбээр маргааш мөнгөн медалийн төлөө тулалдах юм.
Зүүн Азийн залуучуудын наадмын боксын тэмцээний 63.5 кг-д өрсөлдөж буй Ү.Баасандаш эхний тулаанаа Тайванийн Руи Цун Цай-гийн эсрэг хийж тулаанд шүүгчдийн 5:0 гэсэн шийдвэрээр манай тамирчин итгэл төгс ялалт байгуулав.
Ингэснээр манай тамирчин хагас шигшээд шалгарч, хүрэл медалийн болзол хангаж байгаа бөгөөд баасан гарагт мөнгөн медалийн төлөө тулалдана.
Харин өнөөдөр тоглосон манай нөгөө боксчин У.Алтангэрэл Японы Шома Окүмүрад дийлдэн тэмцээнээ өндөрлүүлэв.