МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборын шинэчлэн засварлах ажлыг гүйцэтгэж байгаа БНХАУ-ын компаниудын төлөөлөгчдийг Олимпик хауст хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Буянт-Ухаа спортын ордны ТӨААТҮГ-ийн дарга Л.Энхбаяр, Техникийн албаны Дарга Т.Занданбат, Засвар үйлчилгээний төслийн багийн Удирдагч Жау Чи, Удирдах ажилтан Ян Шаомоу нар оролцов.
Уулзалтаар МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар Буянт-Ухаа спортын ордон 2010 онд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар бүтээн байгуулагдаж, дахин шинэчлэлийн ажлыг мөн хариуцан гүйцэтгэж байгаад талархал илэрхийлэв. Түүнчлэн энэ хугацаанд олон тэмцээн уралдаан тус ордонд зохион байгуулагдан баг тамирчид үр дүнтэй бэлтгэл сургуулилтаа базаасныг онцоллоо.
Засвар үйлчилгээний төслийн багийн Удирдагч Жау Чи Буянт-Ухаа спорт цогцолборын шинэчлэлийн ажил амжилттай өрнөж байгаа бөгөөд ойрын хугацаанд ашиглалтад ороход бэлэн болсныг онцлон “Ханжоу 2022” Азийн наадамд оролцох Монголын баг тамирчдад өндөр амжилт хүслээ.
Энэ үеэр төлөөлөгчдийг МҮОХ-ны дээд шагнал “Олимпын алдар” одон болон “Алтан медаль”-аар шагнаж урамшуулав.
Шинэчилсэн ордон нь спортын олон улсын тэмцээн, баяр ёслол, соёл урлагийн арга хэмжээ, хурал зөвлөгөөн, үзэсгэлэн зохион байгуулах боломжтой бөгөөд 5,045 хүний суудалтай спорт арга хэмжээний үндсэн заал, бэлтгэл сургалтын гурван заал, саун, амралтын өрөө, хурлын заал, VIP өрөө, олон тооны техникийн өрөө болон бусад хэсгээс бүрдэх аж.