Ханжоу хот /burged61.mn/ "Ханжоу-2023" Азийн 19 дүгээр наадмын боксын тэмцээн "HZ Gymnasium" ордонд 4 дэх өдрөө үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр Монголын баг тамирчдаас 3 тамирчин рингэнд гарч тулалдаж байна.
Энэ өдрийн тоглолтын хамгийн эхэнд эмэгтэйчүүдийн 50 кг жинд О.Есүгэн Бангладеш улсын тамирчин Фердоус Зиннат /FERDOUS Zinnat/-тай хийж, 2 дахь ялалтаа авлаа. "Шинэ Дели-2023" ДАШТ-ий 5 дугаар байрын шагналт, 2022 оны Ази тивийн АШТ-ий хүрэл медальт О.Есүгэн, өрсөлдөгчөө 3 үеийн турш илүүрхэн 5:0-ээр яллаа.
Монголын тамирчдын дараагийн тулаан 16 цаг 15 минутаас 92 кг жинд Д.Бариахаан , Казахстаны тамирчин Тогамбая Сагяандик /TOGAMBAY Sagyndyk/-тэй тулалдана.
Энэ өдрийн манай тамирчдын сүүлийн тулааныг орой 20 цаг 45 минутаас энэ жилийн ДАШТ-ий мөнгөн медальт, Ази тивийн алт, мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Чинзориг /32 настай/, энэ оны Дэлхийн аварга Узбекистан улсын залуу тамирчин /20 настай/ Абдуллаев Руслан /ABDULLAEV Ruslan/-тай даагаа нэхсэн ширүүн тулаан хийнэ.