Парис хотноо болох зуны олимпын XXXIII наадамд Монголын дугуйчин, Ази тивийн АШТ-ий элит ангиллын мөнгө, хүрэл медальт, “Ханжоу-2022” Азийн зуны спортын XIX наадмын хүрэл медальт Сайнбаярын Жамбалжамц уралдахаар болж байна.
Түүний олимпын эрх өнөөдөр албажих юм байна. Олон улсын дугуйн холбооноос “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох тэмцээнүүдийг 2022 оны 10 дугаар сарын 19-нөөс 2023 оны 10 дугаар сарын 17-ны хооронд зохион байгуулжээ.
Олимпын эрхийн оноо олгох тэмцээн дуусгавар болсон тул манай улсын дугуйчин С.Жамбалжамц 1367 оноотойгоор 29 дүгээр байрт жагссан үзүүлэлтээр “Парис-2024” олимпын засмал замд уралдах шилдэг 95 дугуйчны нэг болов.
С.Жамбалжамц нь Ази тивийн чансааны 2 дугаар байрт бичигдэж байгаа бөгөөд олимпын наадамд эрх авч хурд хүчээ сорих Монголын анхны дугуйчин болж байна. Үүнээс өмнө Монголын дугуйчид “Токио-1964”, “Москва-1980”, “Барселон-1992”, “Атланта-1996” олимпын наадмуудад хүсэлт болон цагаан хуудсаар оролцож байв.