Японы мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын Кюүшюү башё ням гарагт /2023.11.12/ эхэлсэн бөгөөд энэ удаагийн тэмцээнийг Их аварга Тэрүнофүжи бэртлийн улмаас өнжлөө.
Түүний багш Исэгахама ояката "Тэр энэ башёд барилдахаар бэлтгэл хийсэн ч болохгүй юм болдоггүй л юм байна. Өвдөг, нурууны байдал гайгүй ч урагш довтлоход маш их өвдөж байгаа гэсэн. Тэгэхээр яаж барилдах билээ. Ирэх оны нэгдүгээр сарын тэмцээнд зодоглох зорилгоор эмчилгээгээ үргэлжлүүлнэ" гэж сэтгүүлчдэд мэдээлсэн юм.
Фүкүока хотноо болж байгаа Кюүшюү башё 2 дахь өдрийн барилдаанд Озэки Киришима Б.Лхагвасүрэн, Комүсүби Аби-тай барилдаж түүнийг ошиидаши мэхээр хаяснаар 2 даваатай башёг үргэлжлүүлж байна. Кюүшюү башёгийн Макүүчи /Дээд зиндаа/-д Монголоос 4 сумоч барилдаж байгаа юм.
Энэ өдөр Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Ура /М-1/-тай учраа таарч барилдан, түүнийг ошидаши мэхээр хаяж 2 даваатай болоод байна.
Озэки Такакэйшо, энэ өдөр Шодай /М-2/-тай хүчээ сорин барилдаж, түүнийг хикиотоши мэхээр давснаар мөн 2 даваатай болов.
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-12/ энэ өдөр Цүрүгишо /М-13/-той учраа тааран хүч үзэж, түүнийг ошидаши мэхээр хаяж 2 даваатай башёг үргэлжлүүлж байна.
Мөн Хокүсэйхо А.Даваанинж /М-7/, Эндо /М-8/-той таарч барилдан түүнийг уватэге мэхээр хаяснаар 2 даваатай боллоо.