Японы мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын Кюүшюү башё Фүкүока хотноо үргэлжилж байгаа бөгөөд 7 дахь өдрийн барилдаанд Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Комүсүби Аби /М-3/-тэй учраа таарч барилдан, түүнийг окүридаши мэхээр хаяж 6 даваа, 1 унаатай болоод байна.
Энэ өдөр Озэки Киришима Б.Лхагвасүрэн, Тобизарюү /М-3/-тэй барилдаж түүнийг сүкүинаге мэхээр хаяснаар 5 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Кюүшюү башёгийн Макүүчи /Дээд зиндаа/-д Монголоос 4 сумоч барилдаж байгаа юм.
Мөн Озэки Такакэйшо, энэ өдөр Гонояама /М-4/-тай хүчээ сорин барилдаж, түүнд ёрикири мэхээр унаснаар 2 унаа, 5 даваатай болов.
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-12/ энэ өдөр Миёогирюү /М-9/-тэй учраа тааран хүч үзэж, түүнийг ошидаши мэхээр хаяж 5 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Мөн Хокүсэйхо А.Даваанинж /М-7/, Мидорифүжи /М-5/-тэй таарч барилдан түүнийг уватэнаге мэхээр давснаар 3 даваа, 4 унаатай боллоо.
Макүүчид анх удаа дэвшин барилдаж байгаа ОХУ-ын Тувагийн монгол бөх Рога А.Амарсанаа /М-16/, энэ өдөр Томоказе /М-14/-тэй таарч барилдан түүнд хатакикоми мэхээр унаж 2 даваа, 5 унаатай явна.