Тайландын нийслэл Бангкок хотод пара байт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-24-ний өдрүүдэд болж байна.
Энэ тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Золбоо, Б.Оюун-Эрдэнийн удирдлага дор 3 тамирчин өрсөлдөхөд ганцаарчилсан төрөлд Д.Сэлэнгээ хүрэл медаль хүртлээ. Тэрбээр пара байт харвааны Азийн АШТ-ээс медаль хүртсэн Монголын 2 дахь тамирчин болов.
Ази тивийн 2004 оны аварга шалгаруулах тэмцээнээс “Бээжин-2008” паралимпын аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав алтан медаль хүртсэн нь Монголын баг тамирчдын Ази тивээс авсан цор ганц медаль байсан юм.
Д.Сэлэнгээ пара байтын ДАШТ-ий хүрэл медальтан бөгөөд “Токио-2020” паралимпын наадамд эх орноо төлөөлөн өрсөлдсөн тамирчин билээ.