Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Хувийн эрх зүйг ижилтгэх олон улсын хүрээлэн (UNIDROIT)-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Игначио Тирадог 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Дэд сайд Б.Солонгоо уулзалтын эхэнд Монгол Улс Хувийн эрх зүйг ижилтгэх олон улсын хүрээлэнгийн 65 дахь гишүүнээр элсэн орсондоо баяртай байгаагаа дурдаад, тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Игначио Тирадогийн Монгол Улсад хийх уулзалт, төлөвлөсөн ажлуудад нь амжилт хүслээ.
Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг тогтвортой хөгжүүлэхэд чухал нөлөөтэй хувийн хэвшлийг дэмжих, тэр дундаа Хувийн эрх зүйн хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажилд ач холбогдол өгч, анхаарал хандуулж байгааг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо онцоллоо.
Монгол Улсад Хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд энэ чиглэлээр дагнан мэргэшсэн хуульч, судлаачдыг бэлтгэх, сургахад Хувийн эрх зүйг ижилтгэх олон улсын хүрээлэн (UNIDROIT)-тэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Б.Солонгоо дэд сайд илэрхийлэв.
Тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Игначио Тирадо хэлэхдээ “Монгол Улс манай байгууллагын гишүүнээр элссэн нь бидний хувьд онцгой чухал үйл явдал юм. Иймд манай байгууллагаас гаргасан Хувийн эрх зүй болон бусад асуудлаарх бодлогын баримт бичгүүдийн талаар нээлттэй мэдээлэл өгөх, туршлага хуваалцах, хэрэгжүүлэхтэй холбоотой бүхий л ажилд нээлттэй хамтран ажиллахад бэлэн байна” гэдгээ тодотгосон юм.