Ойрын өдрүүдэд ОХУ-ын Алтайн хязгаар, Сибирь орчмоос хүйтэн агаарын урсгал орж ирж эрс хүйтрэн нийт нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурч байгаа бөгөөд цаашид хүйтний эрч чангарч, өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.
Эдгээр өдрүүдэд зам даваа хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдан, орон нутагт зорчих хөдөлгөөнд хүндрэл учраад байгаа юм.
Алслагдсан аймаг, орон нутагт байрлах Зэвсэгт хүчний тусгай салбарууд дотоод нөөц боломжоороо орон нутгийн иргэдэд тусламж үзүүлсээр байна.
Тодруулбал, Зэвсэгт хүчний 103 дугаар тусгай салбараас ахлах ахлагч Б.Энхбатаар ахлуулсан 3 цэргийн алба хаагч, 1 нэгж техниктэй бүлэг гарган Баянхонгор аймгийн Баянлиг сумын 4 дүгээр багийн Зүүн нурууны Сайран ус чиглэлд өвөлжиж байгаа цасанд боогдож, авто машин очих боломжгүй болсон 8 өрхөд 80 боодол өвс, 1 тонн тэжээлийн тусламжийг хүргэх ажлыг хийж гүйцэтгэсэн юм.
Энэ үеэр нутгийн иргэд болон Баянхонгор аймгийн Баянлиг сумын Засаг дарга талархаж буйгаа илэрхийлж, Зэвсэгт хүчний нийт алба хаагчдад ажлын өндөр амжилт хүслээ.
Эх сурвалж: ЗХЖШ Хошууч Л.САРАНЗАЯА