Фүкүока хотноо үргэлжилж байгаа Японы мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын Кюүшюү башёгийн 14 дэх өдрийн барилдаанд Озэки Киришима Б.Лхагвасүрэн, адил 2 унаатай яваа Атамифүжи /М-8/-тэй учраа тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр давснаар 12 даваа, 2 унаатай башёг ганцаараа тэргүүлж эхэллээ.
Озэки Такакэйшо, Сэкиваке Дайэйшо-той учраа таарч барилдан, түүнд цүкиотоши мэхээр унаж, тэд адилхан 9 даваа, 5 унаатай болоод байна.
Озэки Хошёорюү С.Бямбасүрэн энэ өдөр , Мидорифүжи /М-5/-тэй барилдаж, түүнийг уватэнаге мэхээр давж 9 даваа, 5 унаатай боллоо.
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-12/ энэ өдөр Мэйсей /М-2/-тэй учраа тааран хүч үзэж, түүнийг ошидаши мэхээр хаяж 9 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Мөн Хокүсэйхо А.Даваанинж /М-7/, Томокази /М-14/-тэй таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давснаар 7 даваа, 7 унаатай боллоо.
Макүүчид анх удаа дэвшин барилдаж байгаа ОХУ-ын Тувагийн монгол бөх Рога А.Амарсанаа /М-16/ энэ өдөр Садоноүми /М-11/-тэй учраа таарч хүч үзэн түүнд цүкиотоши мэхээр унаж 4 даваа, 10 унаатай болов.