Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан.
Үүнтэй холбогдуулан Засгийн газрын 2023 оны 88 дугаар тогтоолоор спортын салбараас олон улс, тив, дэлхийн чанартай тэмцээнийг эх орондоо зохион байгуулахад 14 тэрбум төгрөгийн эдийн засгийн орлого оруулсан мэдээ байна. 2023 онд пауэрлифтинг, жюү жицү, хоккейн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Пауэрлифтингээс бусад нь манай улсад анх удаа болж буй юм.
Мөн гимнастик, модон барилдаан, ширээний теннисний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, жүдо бөхийн Их дуулга зэрэг нийт 7 тэмцээн уралдаан зохион байгуулахад давхардсан тоогоор 129 орны 1563 тамирчин, 229 дасгалжуулагч оролцож, 95 шүүгч, 211 албан төлөөлөгч, 340 туслах ажилтан, 1577 хөгжөөн дэмжигч хамрагджээ. Тэмцээн зохион байгуулах хугацаанд гадаадын 184, дотоодын 882 сайн дурын ажилтан ажилласан байна.
Монгол Улсын эдийн засагт шууд болон шууд бусаар оруулсан орлогод үндэсний авиа компанид 4.9 тэрбум төгрөг орсон бол зочид буудал, ресторанд 5.7 тэрбум төгрөг, худалдаа үйлчилгээнд 3.2 тэрбум төгрөг нийт 14 тэрбум төгрөгийн эдийн засгийн орлого оржээ.