Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх, тэдний албандаа итгэх итгэл, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг болгон мөнгөн урамшлын “Батламж”-ийг гаруулах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2023.12.22/ Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэтгэлийн танхим”-д боллоо.
Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Нямгэрэл, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболд болон даргын зөвлөлийн гишүүд, алба хаагч нар оролцов.
Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажилласан 12 алба хаагчид тус бүр 40.000.000 сая төгрөгийн урамшил олгосон юм. Тэрээр арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ:
“Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүнээс хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж, ажлын үр дүнгээр бусдыгаа манлайлан сайн ажиллаж байгаа 12 алба хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн батламжийг гардуулан өгч байгаадаа туйлын баяртай байна.
...Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас харьяа агентлаг, байгууллагууд түүний дотор цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, алба хаагчдын ажиллах нөхцөл, боломжийг дээшлүүлэхэд байнга анхаарч, үе шаттай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний нэг илрэл нь энэхүү батламж гардуулах арга хэмжээ юм.
Цаашид ч Хууль зүй, дотоод хэргийн яамнаас цагдаа, дотоодын байгууллагын алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр бүхий л талын дэмжлэг, туслалцааг үзүүлэн ажиллах болно...” хэмээлээ.