Узбекистан улсын Самарканд хотноо болсон түргэн болон түргэвчилсэн төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хэнтий аймаг, ҮШБ, Каисса клубын шатарчин Их мастер Төрмөнхийн Мөнхзул түргэн буюу блиц төрөлд тэмцээний туршид хошуучлагчдын эгнээнд дэлхийн шилдгүүдийн хамт манлайлсаар шагналт IY байрт шалгарлаа.
Энэхүү амжилт нь Монголын шатрын түүхэнд алтан үсгээр бичигдсэн том амжилт болж буйд Монголын шатрын холбоо төдийгүй шатрын их гэр бүлийнхэн энэ цаг мөчид бахдаж, баярлан омогшиж байна. "Тэрбээр 17 өрөг тоглохдоо дөрвөн шатрын дэлхийн аваргуудтай оноолт таарч хоёрыг нь хожиж нэгтэй нь тэнцсэн бол нийт 12 эрэгтэйчүүдийн их мастер цолонд хүрсэн энэ цаг үеийн шилдэг эмэгтэй шатарчдыг хожиж, тэнцсэн нь дэлхийн шатрын сонорт хүрсэн гайхамшигтай үзүүлэлт боллоо. Монголчууд ДАШТ-ээс медаль хүртэх, цаашлаад аварга болох ойрхон байгаагийн тод жишээг бид харж, гэрчиллээ. Оюуны спорт эх оронд минь мандан бадрах болтугай " хэмээн МШХ-ноос онцолж байна.
Блиц төрөлд мөн эх орноо төлөөлөн оролцсон МУГТ, Их мастер Б.Мөнгөнтуул 20 дугаар байр, Их мастер Д.Номин-Эрдэнэ 60 дугаар байрыг тус тус эзэллээ.
Түргэвчилсэн буюу Рапид төрөлд Их мастер Т.Мөнхзул 17 дугаар байр, Их мастер Д.Номин-Эрдэнэ 24 дүгээр байр, Их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул 30 дугаар байрыг тус тус эзэллээ.
Эрэгтэй шатарчдын маань хувьд энэ жил эх орноо төлөөлөн Их мастер С.Билгүүн, ФМ М.АМИЛАЛ, ФМ С.Чингүүн нар блиц болон рапид төрөлд оролцож, дэлхийн дэвжээнд Магнус Карлсен тэргүүтэй шатарчидтай өрсөлдөж, ур ухаанаа амжилттай сорилоо.
Тэмцээний дүн - эмэгтэй рапид: https://chess-results.com/tnr864424.aspx?lan=1&art=1&rd=11
Тэмцээний дүн - эмэгтэй блиц: https://chess-results.com/tnr864425.aspx?lan=1&art=1&rd=17
Тэмцээний дүн - эрэгтэй рапид: https://chess-results.com/tnr864782.aspx?lan=1&art=1&rd=13
Тэмцээний дүн - эрэгтэй блиц: https://chess-results.com/tnr864421.aspx?lan=1&art=1&rd=20
БИД НЭГ ГЭР БҮЛ
GENS UNA SUMUS
Эх сурвалж: Монголын шатрын холбоо