МХБХ-ны Футзалын Хөвгүүдийн 14 хүртэлх насны УАШТ 01-р сарын 06-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 28 клубийн дунд тун сонирхолтой өрсөлдөөнтэй тоглолтууд явагдаж өндөрлөлөө.
Тус тэмцээний хаалтын ажиллагаанд МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж, Зөвлөлийн гишүүн ТЗБХ-ны дарга Д.Нанжид, Дэд ерөнхий нарийн бичгийн дарга болон ТЗБХ-ийн дарга С.Жаргал нар оролцож шагнал гардууллаа.
Футзалын хөвгүүдийн 14 хүртэлх насны УАШТ-ий шигшээ тоглолтыг шүүн дэнсэлсэн шүүгчдэд дурсгалын медаль гардуулсан бол бусдаасаа манлайлсан тоглогчдоос шилдгүүдийг тодруулахад хаалгачаар "Эрчим" клубын М.Даваажаргал, Мэргэн буучаар тус бүр 25 гоол оруулсан "Хараацай" клубын У.Маргад болон "Эрчим" клубын Ж.Сүбээдэй, тоглогчоор "Хараацай" клубын М.Үлэмж нар тодорлоо.
Шагналт байруудад шалгарсан багуудыг тодруулахад 4 дүгээр байрт Д.Нанжид дасгалжуулагчтай "ДМЮ" клуб, хүрэл медалийг Н.Болор дасгалжуулагчтай "Ховд Вестерн" клуб, мөнгөн медалийг Д.Батнасан дасгалжуулагчтай "Эрчим" клуб хүртсэн бол аваргын алтан медаль цомын эздээр үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой нь тохиож буй Н.Баттулга дасгалжуулагчтай"Хараацай" клуб хүртэж, аваргын цомын эзэд болов.
Тэмцээнд оролцсон нийт баг тамирчид багш дасгалжуулагч нартаа МХБХ-ноос дараа дараагийн тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүслээ.