МХБХ-ноос хэрэгжүүлж байгаа 21 аймгийн гишүүн холбооны дасгалжуулагчийг хөгжүүлэх, ур чадварыг дээшлүүлэх төслийн хүрээнд МХБХ-ны Техникийн хэлтсээс үе шаттай сургалтуудыг зохион байгуулж байгаа билээ.
Тус төслийн сүүлийн шатны зэрэглэл олгох сургалт болох АХБХ-ны Футзалын Дасгалжуулагчийн 1 дүгээр зэрэглэлийн сургалт өчигдөр /2024:02:26/ МХБХ-ны байранд эхэллээ.
Сургалтын нээлтэд МХБХ-ны Зөвлөлийн гишүүн, Техник Хөгжлийн хорооны дарга Б.Болдбаатар, Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Т.Дагвадорж, Техникийн захирал Б.Гарьдмагнай нар оролцож нийт сургалтад хамрагдаж буй дасгалжуулагч нарт амжилт хүслээ.
Уг сургалтад нийт 17 дасгалжуулагч хамрагдаж байгаа бөгөөд сургалтыг АХБХ-ны Элит зэрэглэлийн сургагч багш, БНСУ-ын мэргэжилтэн, доктор профессор И Ён Жин болон МХБХ-ны сургагч багш, АХБХ-ны "А" зэрэглэлтэй дасгалжуулагч нар болох Футзалын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир болон Футзалын Үндэсний шигшээ багийн ахлагч П.Алтантулга нар удирдан явуулж байна.
АХБХ-ны Футзалын дасгалжуулагчийн 1 дүгээр зэрэглэлийн сургалт нь нийт 6 хоногийн турш онол, практик хэлбэрээр бүтэн цагаар явагдах бөгөөд МХБХ-ноос сургалтад суралцаж буй нийт дасгалжуулагч нартаа өндөр амжилт хүслээ.