Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Нийтийн хөлбөмбөг” (Grassroots) хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай илгээлтийг Сонгинохайрхан дүүрэг 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авлаа.
Илгээлтийг Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, МХБХ-ны Ерөнхийлөгч М.Болд, МХБХ-ны ЕНБД Т.Давгадорж нар НИТХ-ын төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн Засаг Дарга Н.Алтаншагай, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Хуягбаатар, Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Ц.Сосорбарам нарт гардуулан өглөө.
Энэ үеэр Засаг дарга Н.Алтаншагай Сонгинохайрхан дүүрэгт явагдаж байгаа бүтээн байгуулалтын ажлууд тэр дундаа Сонгинохайрхан дүүрэг 2024 оны 6 сар гэхэд Спортын цогцолбор ордон болон хөлбөмбөгийн стандарт талбайтай болохоор ажиллаж байгаа мэдээлэл өглөө.
Мөн ЕБС-уудын дунд “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг дүүргийн хэмжээнд “Алтан гоол” нэртэйгээр явуулж, насанд хүрэгчдийн “Үндэсний цом” тэмцээнд оролцож байсан амжилтаа бататган, багаа амжилт гаргах бүхий л бололцоогоор хангаж өгөхөө илэрхийллээ.
Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, МХБХ-ны Ерөнхийлөгч М.Болд Монгол улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг ажил хэрэг болгож байгаа Сонгинохайрхан дүүргийн удирдлагууддаа талархал илэрхийлэхийн ялдамд Монгол улсын мөрдөгдөж байгаа стандартын дагуу хөлбөмбөгийн талбайн бүтээн байгуулалтын ажилд сайтар хяналт тавьж, чанартай талбай хүлээн авахад анхаарах, ЕБС-уудын биеийн тамирын багш нарын ур чадварыг дээшлүүлэхэд МХБХ-ноос бүхий л талаар тусалж дэмжихээ илэрхийллээ.