Японы Осака хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн 2024 оны 3 дугаар сарын Харү башё буюу Хаврын тэмцээний 4 дэх өдрийн /2023.03.13/ барилдаанд өндөр цолтой бөхчүүд хэрхэн барилдсан талаар танилцуулж байна.
Мэргэжлийн сумо бөхийн 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, энэ өдөр Мэйсей /М-2/-тэй учраа тааран барилдаж, түүнд ёрикири мэхээр унаж 2 даваа, 2 унаатай болов.
Энэ өдөр Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Охо /М-3/-той таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давснаар 3 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Харин Озэки Киришима Б.Лхагвасүрэн, Асанояама /М-1/-тай учраа тааран барилдаж, түүнд ёрикири мэхээр унаснаар 4 унаатай башёг тун амжилтгүй үргэлжлүүлж байна.
Озэки Котоновака энэ өдөр Таканошо /М-3/-той барилдаж, түүнийг котэнаге мэхээр хаяж 1 унаа, 3 даваатай болсон бол Озэки Такакейшо энэ өдөр Ура /М-1/-тай учраа таарч, түүнийг ёрикири мэхээр хаяж, 3 даваа, 1 унаатай болоод байна.
Мөн энэ өдөр хамгийн ахмад бөхчүүдийн нэг Тамаваши Б.Мөнх-Оргил /М-7/, Кинбозан /М-7/-тэй барилдаж түүнийг ошитаоши мэхээр хаяснаар энэ башёгийн анхны даваагаа авч, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.