Монголын үндэсний олимпын хороо болон Монгол-Францын төв хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах ёслол Олимпик Хауст боллоо.
Санамж бичгийг МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны Гишүүн Б.Баттүшиг болон Монгол-Францын төвийн захирал Николас Пубилл Майнали нар үзэглэв.
Ёслолд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бээжин 2008” олимпын аварга Э.Бадар-Ууган, Монгол-Францын төвийн хамтын ажиллагаа хариуцсан ажилтан Делфин Миллард, Монгол-Францын төвийн Олимпын төсөл хариуцсан ажилтан М.Ундраа нар оролцож, хамтын ажиллагааны тухай санал солилцов.
Энэ үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг “Парис-2024” олимпын наадмын үеэр МҮОХ-ноос санаачлан хэрэгжүүлж буй “Mongolia house” төслийг танилцуулсан бөгөөд бүхий л талаар хамтран ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийлэв.
Монгол-Францын төвийн захирал Николас Пубилл Майнали “Парисын Олимпыг угтаж, Франц улсын засгийн газрын санхүүжилтээр олон талт төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэн, Монголын баг тамирчид Олимпод амжилттай оролцоход хувь нэмрээ оруулах болсондоо таатай байна.” хэмээн дурдлаа.
Санамж бичгийн хүрээнд спорт, олимпизмыг хөгжүүлэх сургалт сурталчилгаа өрнүүлэх, Олимпын өдрийг хамтран зохион байгуулах, ОУОХ-ны үндсэн хэл болох Франц хэлний анхан шатны мэдлэгийг баг тамирчид, олон нийт, хүүхэд залууст олгох, түүнчлэн Франц улсын түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.
Улаанбаатар хотын Аллианс Франсэз буюу Монгол-Францын төв нь олон улсын боловсролын байгууллагын Монгол дахь салбар бөгөөд 2004 оноос эхлэн франц хэл, соёлыг Монгол улсад сурталчлах үйл ажиллагаагаа явуулж буй төрийн бус байгууллага юм. Өнөөдрийн байдлаар Аллианс Франсэз нь дэлхийн 6 тивийн 136 оронд 1,000 гаруй салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.