Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам даваанд халтиргаа, гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг анхааруулж байна.
2024 оны 3 дугаар сарын 16-ны 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 6-11 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.
2024 оны 03 дугаар сарын 17-21 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 17-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас, 20-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Салхи 17-нд нутгийн зарим газраар, 18-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 20-нд Алтайн уулархаг нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. 19-нд баруун аймгуудын нутгаар, 20-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.