Японы Осака хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн 2024 оны 3 дугаар сарын Харү башё буюу Хаврын тэмцээний 8 дахь өдрийн /2023.03.17/ барилдаанд өндөр цолтой бөхчүүд хэрхэн барилдсан талаар танилцуулж байна.
Мэргэжлийн сумо бөхийн 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нурууны бэртлийн улмаас бямба /2024.03.16/ гарагаас энэ башёг орхисон билээ.
Харин Харү башёгийн 8 дахь өдөр Миторюү Б.Төрболд /Жүрёо-2/ Макүүчид дэвшин Рога /М-15/-тай Макүүчигийн эхний барилдааныг хийж, түүнийг котэнаге мэхээр давснаар Миторюү 2 унаа, 6 даваатай болов.
Энэ өдөр Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Таканошо /М-3/-той таарч барилдан түүнийг ошидаши мэхээр хаяж 6 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Харин Озэки Киришима Б.Лхагвасүрэн, Тобизарюү /М-4/-тэй учраа тааран барилдаж, түүнд ёрикири мэхээр унаснаар 2 даваа, 6 унаатай болж башёг амжилт тааруухан үргэлжлүүлж байна..
Озэки Котоновака энэ өдөр Сэкиваке Вакамотохару-тай барилдаж, түүнийг ошидаши мэхээр давж, 2 унаа, 6 даваатай Харү башёг үргэлжлүүлж байна.
Энэ өдөр Озэки Такакейшо, Охо /М-3/-той учраа таарч, түүнийг ошидаши мэхээр хаяж, 2 унаа, 6 даваатай болоод байна.
Мөн энэ өдөр хамгийн ахмад бөхчүүдийн нэг Тамаваши Б.Мөнх-Оргил /М-7/, энэ башёг тэргүүлж яваа бөхчүүдийн нэг Оносато /М-5/-тэй барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар 2 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж байна. Харин Оносато 7 даваа, нэг унаатай башёг тэргүүлж байна.